ЗАДЛАНГИЙН ЭМЧИЙН ЗАДРААГҮЙ НУУЦ

2010-05-11,12:02

Өгүүллэг

Редакцийн өрөөнд түүнийг анх орж ирэхэд нэг л сонин эвгүй үнэр архины нэвчирсэн үнэртэй холилдон хамар цоргисон юм. Хүн амар мэнд мэдээд ороод ирж байхад ямар ярвайгаад байлтай биш хариу мэнд мэдээд суухыг урив. Тэр өвдөгөө нийлүүлж сандалд яг сурагч хүүхэд шиг цомцойн суув.Түүнийг үгээ эхлэхээс нь өмнө дугаар хорооны нэг иргэн хэн нэгний тухай гомдол мэдүүлэх гээд зүрхээ чангалаад ороод ирж дээ гэж таав. Орж ирсэн даруйдаа хаалгаруу байн байн харах түүний нүдэнд нэг л айдас хургаастай. Зөв газраа ирсэн үү гэж өөрөөсөө лавлах мэт өрөөн дотуурхыг нүдний булангаар тойруулж харах аж. . Хуучны бололтой өнгө алдсан эсгий бүрхээ авч мойнысон хуруугаараа шингэн халимгаа нэг засаад зузаан линзээ авч хүзүүндээ тохсон ороолтоор нямбайлан арчиж буцааж зүүгээд надруу харсан нь одоо эхэлж болно гэсэн дохио бололтой. Би түүнээс ямар хэргээр яваа талаар асуухад тэр
-Би аймгийн нэгдсэн эмнэлгэд ажилладаг. Сургууль төгсч ирээд л ажилласан. Одоо хориод жил болж байна даа. 
-Тэгэхээр та эмч хүн байх нээ. 
-Тиймээ гэж тэр хоолой нь бага зэрэг сааралтсанаа
-Үнэндээ би задлангийн эмч л дээ гэж тодруулж хэлэв. Анх орж ирэхэд үнэртсэн эвгүй үнэр чухам юун үнэр болохыг би сая л ойлгож дотор жаахан жихүүдэс төрсөн хэдий ч түүнийгээ ил гаргахгүйг хичээж, дээр нь баахан сониуч зан хөдөлж чухам яриагаа юунаас эхлэхээ хэсэгхэн зуур эргэцүүлээд
-Сургууль төгсөөд л та тэнд хувиарлагдсан гэсэн үг үү?
-Тиймээ. Би эс юмаа гэхэд хэн нэг нь хийх л ажил шүү дээ гээд тэр надруу эгцлэн харахад би яриаг ингээд дуусгачих сонирхолгүй байсан учир бушуухан
-Тэгэлгүй яахав, таны зөв гэж би бушуухан хариулав.
-Уучлаарай тэгэхээр өнөөдөр та ямар хэрэг зоригоор явна. Ажлын шаардлагаар уу эсвэл өөр асуудал байна уу гэж аль болохоор уриалагхан асуухыг хичээв. Тэр надруу нэлээд нухацтай харсанаа
-Шууд хэлэхэд би чиний хэд хэдэн өгүүллэгийг уншсан. Чи Эрдэнэтэд Сиамын ихэр төрсөн талаар бичсэн байсан гэж хэлэхэд би бүр гайхаж орхив. Яагаад гэхээр би энэ тухай баримтат өгүүллэг бичсэн нь үнэн. Гэхдээ хамгийн гол нь би тэр өгүүллэгийг огт хэвлүүлээгүй хав дарж орхисон байхад энэ хүн яахаараа энэ тухай мэдэж байдаг билээ. Үнэндээ айх гайхах зэрэгцэж орхив. Задлангийн эмч миний байдлыг анзаараад
-Уучлаарай. Үнэндээ би таныг гайхшруулья гэж бодоогүй юм шүү. Тэр хүүхдэд задлан хийсэн эмч бид хоёр сургуульд хамт сурч байсан найзууд л даа. Тэр чамтай уулзахыг надад зөвлөсөн юм. Магадгүй чи надад тусалж чадах болов уу л гэж би бодсон юм. Одоо та учрыг нь ойлговуу гээд тэр надруу ширтэв. Энэхэн үед надад задлангийн төмөр ширээн дээр цэнхэр даавуунд ороостой амьгүй сиамын ихэрийг  эмч авчирч тавихад ямар нэг хөлдүү мах тавих шиг чимээ гарч байсан нь эргэн санагдаж дотор хүйтэн оргив. Би ширээний нүднээсээ тамхи гарган асааж хэд сорж уушиглаад бага зэрэг тайвшрав. Харин шинэ танил маань хүрэмнийхээ гадна халааснаас хавтгай шилтэй архи гаргаж ирээд надруу сарвайхад би сая хаана байгаагаа мэдсэн юм шиг бушуухан гараа савлаж эмчид архиа буцааж хий гэж шаардангуй дохиход тэр дуулгавартай нь аргагүй буцааж далд хийв. Харин би түүнрүү хайрцагтай тамхиа түлхээд босч хаалгаа дотроосоо түгжээд эргэж суув. Тэр намайг хаалга цоожлохыг хараад эргээд нөгөө хавтгай шилтэй архиа гаргаж  ширээн дээр тавиад  голоор нь дугуйлж зузаан резинээр хэд дахин ороосон төгрөг тавийн дэвтэрийг хүрэмнийхээ дотор халааснаас гаргаж ирээд надруу нэг сарвайсанаа гараа огцом татаж амандаа нэг юм бувтнаснаа тун шалмаг ороосон резинийг нь мултлаад нэлээд итгэл муутайхан өгөв. Тиймээ энэ миний таамгалснаар "Задлангийн эмчийн өдрийн тэмдэглэл" байсан юм.                                  

                                                                                                                                                                                                                  
Үргэлжлэл бий

бичсэн: golomt төрөл: Өгүүллэг | (2) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 2112 удаа

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

ойлгомжгүй юмаа

Зочин хэзээ бичсэн: 14:42, 2018-02-02 | Холбоос | |
үрэлжлэл бий...
хүлээж л бий
arch_tseegii хэзээ бичсэн: 16:19, 2010-05-11 | Холбоос | |



:-)