ЯНЖУУРЫН ЦЭНХЭР УТАА

2011-06-25,20:01
Тэнгэрт нэг ч од үзэгдэхгүй бүрхжээ. Гудамжны гэрэл бүдэгхэн ёлтойж яагаад ч юм шөнийн хот нэг л уйтгартай. Хааяа нэг ажлаасаа оройхон буусан хүмүүс зам зуурын дэлгүүрээр орж гарах нь харагдана. Бүрх малгайтай, урт цувны зах босгосон өндөр нуруутай залуу байшингийн булангаас хий үзэгдэл мэт гарч ирээд «Dance bar” гэсэн хаяг гэрэлтэх хаалгаар явж орчихов. Янжуурын хөх утаа суунаглаж, архи, шар айрагны эхүүн үнэр ханхалсан энэ бааранд тэр саяхнаас ирдэг болсон бөгөөд нэг л хэвийн нүд дассан зүйлд тэр дургүй учир энэ баарыг мөдхөн орхиж өөр тийш явна гэсэн бодолтой байлаа. Магадгүй энэ бааранд түүнийг ганц барьж байгаа зүйл нь үнэхээр сайн снукер билярдын ширээ ч байж болох юм. Хэн нэгэнд амьдралын хэв маяг байж болох юм. Ганцхан түүнд л биш. Тэгээд ч түүний хамгийн үзэн яддаг зүйл нь хэв маяг. Энэ сэдвээс болж тэр үргэлж хэн нэгэнтэй маргадаг бөгөөд хаа нэг өдрийн од шиг түүний гаж үзлийг дэмжих нэгэнтэй таарах боловч тэр яагаад ч юм тэдэнтэй удаан ганзага нийлдэггүй нь сонин. Магадгүй тэд түүнийг, аль эсвэл тэр өөрөө тэднийг дуурайгаад байх шиг түүнд санагддаг байж болох юм. За бараг энэ л үнэнд ойртож очих байх. «Тэнүүлч цыганууд хичнээн их аз жаргалтай байдгийг тэдэн шиг тэнэж үзсэн хүн л мэднэ» гэж тэр хэлэх дуртай. Хэн нэгэн үнэнч хайр дурлалын тухай ярихад тэр жуумалзан инээмсэглээд « Чи ийм зөгнөлт зохиол хаанаас уншаа вэ» гээд тас тас хөхөрнө. Энэ залуугийн амьдрал халаасандаа явдаг. Ингэж хэлэхэд магадгүй зарим нэг хүнд түнтийтэл мөнгө чихсэн зузаан савхин түрийвч сэтгэлд нь бууж болох юм. Гэвч түүний хувьд тэс өөр. Мөнгөний хувьд тэр овойж оцойдоггүй юмаа гэхэд халаас нь үргэлж мөнгөтэй явдаг нэгэн. Түүний баялаг гэвэл бүсгүйчүүдийн чамин нэрийн хуудас, нэр, утасны дугаараа гаргацтай нь аргагүй цэвэрхэн бичсэн алгын чинээхэн цаас. Тэд ээлж дараагаа хүлээх мэт түүний халаасанд үргэлж чихэлдэж байдаг. Эдгээр нэрийн хуудаснууд эхлээд гэнэхэн бүсгүйчүүдийн булбарайхан гараас залуугын гарт шилжиж энгэрийн халаасанд орно. Яг л боловсон хүчний шүүгээнд чихэлдэх ажил хайгчдын өргөдөл шиг. Гэвч нэрийн хуудсандаа итгэл, сэтгэлээ шингээсэн бүсгүйчүүдийн хувь заяаг тэр ердөө л тамхины утаанд шарласан хурууныхаа үзүүрээр нэгэнтээ имрээд ганцхан шөнийн дотор шийднэ. Нэрийн хуудас ч бүрх малгайт болзоот бүсгүйтэйгээ учирч зовлон жаргалд хоромхон зуур дэвтсэн нүгэлт шөнө өнгөрөхөд л янжуурын хоосон хайрцганд чихэгдэн эзгүй гудамжинд гээгдэнэ. Аяга шар айраг уусны дараа тэр нэгийг санасан мэт хананд өлгөөтэй таксфон тийш босохдоо халаас руугаа гар нь явлаа. Нэг нэрийн хуудас хурууны үзүүрт баригдсаныг гүйлгэвэл нэлээд чамин хийцтэйн дээр нэгэн бүсгүйн уруулын хээ тод харагдана. Тэр цонхоор гөлрөн борооны дусал дээврийг балбах чимээг намуухан уянгалах дуунаас ялгахыг оролдох мэт хэсэг саатах зуур дээдсийн хүрээлэнгийн хээнцэр бүсгүйчүүдийн тансагхан хүлээн авалт, тэдний наалинхай аяглалыг дүрслэн зогссоноо залхуутай нь аргагүй нэрийн хуудсыг буцааж өвөртлөөд дахин нэг имрэхүйд азгүй нэгний цэвэрхэн бичсэн алгын чинээхэн цаас гарч ирлээ. Тэр өөртөө дуулдах төдий амандаа «Оюунаа… Оюунаа» гэж хэлээд бичгийнх нь хэвээр бүсгүйн зан чанарыг тодорхойлох гэсэн үү, аль эсвэл хаана танилцсанаа эргэн санахыг оролдов уу хэсэг анхааралтай ажив. Ингээд л утасны дугаар эргэдэх тэр богинохон хугацаанд харилцуурын нөгөө үзүүрт буй бүсгүйд юу гэж өөрийгөө ойлгуулах нь ой тойнд нь дурайтал ороод ирэв. «-Байна уу? Өө уучлаарай Оюунаа юу? Аан би Сэргэлэн байна. Та дээхнэ надад утасны дугаараа өгснөө санаж байна уу?…» * * * Оюунааг сэрэхэд тэр хэдийнээ босчихсон хувцаслаж байв. Янжуурын цэнхэр утаа өрөө дүүргэж амьсгалахын аргагүй бүгчимдэн толгой нь эргэнэ. -Чи хэзээ ирэх вэ? гэж бүсгүй түүнрүү царайчлангуй ширтэхэд тэр адраас цуваа авч өмсөөд малгайгаа барьсан чигтээ эргэж ч харалгүй -Би чамруу эргэж залгана аа гэж хүнийрхүү хөндий дуугаар хэлээд гарч одлоо. Бүсгүйн дотор гомдол харууслын үүл хуралдах мэт болж, цэвэр агаар цээж дүүрэн амьсгалахыг хүсч яаран босч салхивчаа нээгээд цонхоор гадагш харан зогслоо. Үд хэдийн болсон бололтой.Урд шөнөөс хойш асгасан бороо зогссонгүй зөөлөн шивэрнэ. Тоглоомын талбайд хэдэн хүүхэд тоглож байгаа харагдана. Гэвч түүний тархинд өнгөрсөн шөнийн явдал санаанд нь улам биежин сэтгэл нь үймрэнэ. Сэргэлэн сая л орцны үүдэнд гарч ирлээ. Довжоон дээр түр зогсон халаасаа уудлан янжуур зуугаад галаа хайн халаасаа нэгжсэнээ ямар нэг цаас гаргаж ирээд янжуурын хоосон хайцгандаа хийж базаад хажуу тийш чулуудчихав. Галаа хайж олов бололтой тамхиа асааж хэдэнтээ сороод захаа босгон гудамж уруудан хурдан хурдан алхан одлоо. Яагаад ч юм бүсгүйд түүнтэй дахиж хэзээ ч уулзахгүй юм шиг санагдаж гэнэт Сэргэлэнг үнэн голоосоо үзэн ядах сэтгэл далай давалгаа мэт босон ирж нарийн гудамжаар алсрах түүний хойноос хорсолтойгоор ширтэв. Тэгснээ зовхи нь сулбайн бууж, мөр нь зүдрэнгүй унжив. Үзсэн, үйлдсэн хамаг жигшүүр мартагдаж, сэтгэлийн дарамт арилан бие тавирч, тэр бүхнээ зөвхөн хар дарсан зүүд болгон хувиргах хүсэл оволзоно. Гэвч нээлхийгээр урсах чийг ханхалсан цэвэр агаар тасалгаан доторх тамхины утааг үлдэн хөөх авч түүний сэтгэл зүрхэнд нэгэтээ суунагласан янжуурын цэнхэр утааг замхруулж чадсангүй.
 
Улаанбаатар Их сургуулийн гудамж 1994 он
бичсэн: golomt төрөл: Өгүүллэг | (4) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 1276 удаа

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

...ARAI L BISH BAINA DAA...!
Зочин хэзээ бичсэн: 03:01, 2021-05-18 | Холбоос | |
Door ni baigaa yum odo yu we
Зочин хэзээ бичсэн: 13:11, 2016-09-03 | Холбоос | |
Bayasaa
Hedhen honogiin umnu "Ul tanih emegtei" geed mongol kino uzsen.Shinehen kino baih shig baisan. zohiolch ni hen baisniig anzaaraaguim bna, arai chiniih bish beez?
Зочин хэзээ бичсэн: 03:03, 2012-04-09 | Холбоос | |
гоё шүү
Зочин хэзээ бичсэн: 17:38, 2011-11-20 | Холбоос | |



:-)