ТҮҮЧЭЭ /Цуврал эсээ/
Тэнгэр онгойх яагаач үгүй. Ёстой л хувингаар цутгаж байсан байх. Аав бид хоёрыг хэдэн тарвагаа чирч харайлгасаар байтал анчны умгар майханруу бороо орж хамаг хуурай хувцас норгочихож. Бас тэнгэр маш хүчтэй дуугарч дээрээс нураад ороод ирэв үү гэтэл майхан минь нурсан нь тэр байж. Хар усан борооноор норсон майхан босгоно гэдэг амаргүй ажил аж. Нурахдаа нуруугаа хугалчихаж. Аав маань майхны нуруу хугарсан болохоос бид хоёрын нуруу хугарсан биш. Юухан байхав гээд айлын буурин дээрээс олсон хугархай униар майхны нурууг орлуулж баглаад ямарч байсан майхнаа хоёулаа босгочихов. Мөн ч зутруу өдөр байж билээ. Норсон өмд биенд наалдаад хүйт оргиулна. Аав миний хүү хувцасааа тайлаад хөнжилдөө орчих. Тэгвэл жаахан дулаацана. Аргал шал ус. Гал асааж ядаж халуун цай уух юмсан гэж аав үглэнэ. Гэнэт аав
-Миний хүү хөнжилөө хучаад байж бай. Энүүхэн жалганд мал усалдаг байсан хуучин онгоц харагдсан. Аав нь хурдхан явчихаад ирье. Чулуунсүрэнгийх өчигдөр нүүчихсэн болохоор маргаашнаас л хоёулаа дөхөж бууя гээд орос цэргийн майхан цуваа нөмрөөд хул мориндоо мордоод яваад өгөв.
Би арван хэдтэй байсан санагддаг юм аавыг гараад явчихаар дагах гэж нэг гараад тэнгэр дуугарахаар буцаад майхандаа орчихов. Аав яваад нэлээн удав. «Тэнэг толгой дагаад явахгүй яав. Аавынхаа хажууд байвал норох ч ёстой яамай байнаа» гэсэн шүү юм бодож онгорхой майхны амаар явсан зүгрүү нь хараад сууж байтал урд толгой ороогоод аав гараад ирлээ. Морио хөтөлчихөөд нэг юм чирээд байгаа бололтой. Би хөнжилөөсөө суга гарч нойтон хувцасаа өмсөх гэж нэлээн ухантав. Хагас дутуу угласан болоод цуваа нөмрөөд тосоод харайлгачихав. Аав гурван алд хэрийн банзан дээр том тэрэгний дугуйг зүсч хадсан урт онгоц морины аргамжаагаар баглаад чирчихэж.
-Морио унаад чирихгүй яасан юм бэ гэхэд
-Харин тиймээ. Энэ хул хойшоо хялмалзаад чирүүлдэггүй. Аягүй бол аваад хаячихвал морьч үгүй түлээ ч үгүй болчихно гэж бодоод. Тэгээд тэр хүртэл явчихаад ямар хаялтай биш. Өвс нойтон болохоор цагаан газар чирихэд гулгаад арай амар байна.
-Аан.
-Миний хүү майхандаа байж байхгүй. Салхи нь эргэчихгүй бол удахгүй тэнгэр онгойх нь шиг байна. За миний хүү хамжаарай гээд нүүрлүүгээ урсах усыг гарын алгаараа арчаад амьсгаадан зогсох. Хоёулаа түлшээ түжигнэтэл чирсээр майхныхаа урд авчирчихав. Аавын хэлснээр удахгүй тэнгэр онгойж нар гарав.
-Тэнгэрийн муухай арилдаг, хүний муухай арилдаггүй ээ гэж
-Хүний муухай яагаад арилдаггүй юм бэ ааваа?
-Арилдаггүй ч биш л дээ. Арилгах сонирхолгүй хүмүүс бас байдаг юм.
-Яагаад?
-Үгүй яахав дээ. Муухай гэдэгээ мэддэггүй болохоор тийм юм болов уу даа.
-Аан…
-Хэл бичгийн багш энэ амралтаараа зохиолч Лодойдамбын «Хугараагүй ноён нуруу»-г уншаарай гэсээн.
-Мөн ч сайхан зохиол доо.
-Та түрүүн майхны нуруу хугарсан болохоос бид хоёрын нуруу хугарсан биш гэсэн. Хүний нуруу хугархаар майхан шиг болчих уу?
-Майхны нурууг ч амархан сэлбэчих байхаа. Хүний ноён нуруу хугарвал яаж ч аргалж болдоггүй эд дээ.
-Яагаад «ноён нуруу» гэдэг юм.
-Ээдээ одоо л миний хүү зөв асууж байна. Эр хүний ноён нуруу гэдэг чинь эд эрхтний нурууг хэлж байгаа юм биш. Түрүүний тэнгэрийн муухай арилдаг хүний муухай арилдаггүй гэдэг шиг сэтгэлээрээ, үйл хэргээрээ муухай явахыг жигшдэг хүмүүс байдаг юм. Муухай явсан бол тэрийгээ арилгах гэж тэмцдэг хүн ч бас байж болно. Тийм хүмүүс л «Хугараагүй ноён нуруу»-тай байдаг юм. За миний хүү номоо уншихаар аандаа ойлгоноо.
-Аан…
-Одоо модоо хагалаад түлэх үү?
-Мод нь шал ус болчихсон, асахгүй байхаа миний хүү. Харин тарвага өвчдөг цагаан хутгаа аваад ир. Дугуй ч тортогтой болохоос сайн асдаг эд шүү. Хээрийн улс хээгүй нь дээр утаа гарвал гарч л байг, эхлээд ямар ч байсан цай чанаж уунаа хоёулаа гэв. Үнэхээр дугуй хар утаа нь дийлдэхгүй болохоос хоромхон зуур цай даргиулчихаж билээ. Хугараагүй ноён нуруутай эр хүний жишээ болсон аавыгаа санаж алс холын нутгаас бичив. Хүү нь удахгүй очно оо.
Oakland USA 2010