ГАЛЗУУ ГЕРМАН /Өгүүллэг/
Раднаасүрэнгийн Мөнхбат
Борооны улирал эхэлж, дээр нь шатахууны үнэ өсөж байхад болдог ч ажилдаа орлоо доо гэж бодсоор шинэ ажилдаа очихоор гэрээс гарав.
Дугуй араамтай нүдний шил хамар дээрээ тохсон үрчгэр өвгөн ажилд орсон анхны өдрөөс сонин санагдав. Тэр хэнд ч тээр шаар болохгүй хэр нь хүн бүхэн түүнд дургүй.
Эхний өдөр дадлагаар хүн дагаж явах бололтой. Энэ ажилд бараг арваад монголчууд ажилладаг гэж надад ажил зуучилсан Боогий ах хэлсэн болохоор нэг нутагтайгаа л явчих юмсан гэж бодоод зогсож байтал босс нөгөө хамар дээрээ харааны шилээ тохчихсон үрчгэр өвгөнийг дуудаж
-Өнөөдөр энэ хүүг дагуулаад явчих гэж хэлчихээд яваад өгөв. Америк өвгөн намайг хөлнөөс толгой хүртэл би түүнийг толгойноос нь хөл хүртэл харлаа. Харин ажилдаа хоцорч ирсэн Боогий ах хажуугаар хар хурдаараа зөрөхдөө
-Галзуу Германд чамайг өгчихлөө. За яахав чи санаа зоволтгүй. Наадах чинь жаахан юмтай болохоос гэмгүй гэж хэлчихээд цагаа зурахаар харайлгачихав.
Жаахан юмтай гэнээ. За жаахан бол дүүрч, их л биш байгаасай гэж амандаа хэлчихээд өвгөний араас дагав.
Өвгөн автозасварын газруудад сэлбэг зөөдөг энэ ажилд ороод бас удаагүй нэгэн аж. Тэр өглөө ажил хэрхэн эхлэх, замаа яаж сонгож авахаас өгсүүлээд бүгдийг маш нямбай, тодорхой тайлбарлаж өгч байлаа. Нутаг нэгттэйгээ таарсан бол баахан буу халаад дадлага хийсэн ч юм байхгүй маргааш нь тэвдэх байж шүү ч гэж өвгөний шулганаан дунд бодож амжив. Гурван засварын газраар орох хооронд бараг гучин засварын газар хэссэнтэй дүйхээр өвгөн чалчсан нь гайхаш барж орхив. Цагдаа, гал, түргэний машин, шугамын автобус, тэр байтугай сургуулийн хүүхдүүдийн шар автобусыг зөрөх бүрийд хуруугаараа дагуулан зааж,
-See Baagii!! Trouble makers гэж чанга хашгирч хэдэнтээ цочоогоод амжив. Нөгөө жаахан юмтай гээд байдаг нь энэ юм байхдаа. Арай үгүй байлгүй дээ гэж өвгөнийг дотроо өмөөрсхийн бодов.
-Чи намайг америк гэж бодож байна уу гэж тэр гэнэт надаас асуув. Харин би энэ үед яагаад Боогий ах энэ өвгөнийг галзуу Герман гэж дуудсан юм бол гэж бодоод сууж байсан учир тэр бодлыг минь таачихсан юм шиг санагдан бага зэрэг сандраад зүгээр л мэдэхгүй гэж мөрөө хөдөлгөв. Тэр намайг нэг нухацтай харснаа замаа ширтэн хэсэг дуугүй явав. Буруу солгойгүй чалчиж байсан нь ая тоглуулагчын амыг барьсан юм шиг таг болчихов. Үнгэгдэж шарласан хуучин хүрмийг нь урд нь ямар өнгөтэй байсныг тааж хэлэхэд бэрх болжээ. Гэхдээ түүний амнаас хүрмээ магтсан үг хэдэнтээ унасаныг бодоход өвгөний намтарын нэг гэрч биздээ гэж өөрийн эрхгүй бодогдов. Гэнэт тэр
-Би Герман гаралтай гэж тэр гэнэт хэлэв.
-Би Монгол гэж товчхон хариулав. Түүний нүүрэнд гүнзгий суусан хэдэн үрчлээс дотоод сэтгэлийнх нь хөдөлгөөнийг үгээр хэлэхээс өмнө илэрхийж тэр инээмсэглээд эргээд л дуу шуу орон баахан чалчав. Тэр явуулын тэргэнцэр гэртэй бөгөөд зөвшөөрөлтэй газар тавиад төлбөрийг нь тушаачихвал сар бүр хөлсний байранд мөнгө үрдэггүй. Ганц бие, нэг нохойтой,өмнө нь ажилчгүй, оронч үгүй гудамжинд хоноглодог нэгэн байсан тухайгаа хуучлав.
Харин нэг удаа сэлбэг татахаар эргээд контортоо ирэхэд ахлах мененжер ажлын хэдэн залуустай гадаа хөгжилтэй юм ярьж чанга чанга ярьж инээлдэж байснаа өвгөн бид хоёрыг хажуугаар нь зөрөхөд бүгдийн царай алга урвуулах мэт хувирч дуугүй болцгоочихов. Өвгөн үүнд нэг их ач холбогдол өгсөнгүй хаалга татсаар явж орчихов. Тэдний дунд Боогий ах байсан учир би тэдэнтэй нийлж тамхи асааж үдээс өмнөх ажлынхаа тухай хуучилах зуураа өвгөнд эд нар яагаад ийм дургүй байдаг юм бэ гэж асуув. Боогий ах
-Цаадах чинь элдэв хачин ааш гаргахгүй байна уу гэж асуув. Одоохондоо мэдэгдсэн л юм алга. Яадаг юм гэж асуутал өвгөн эргэж гарч ирээд машинруугаа алхахад би Боогийд нэг даллачихаад түүний араас гүйж гартаа барьсан сэлбэгээс нь дэмжилцэв.
Дараагийн засварын газрын үүдэнд ирээд тэр захиалгын хуудсыг надад өгөөд хэдэн жижиг хайрцагтай сэлбэг хойд сандал дээрээсээ аваад өндийв. Би дуулгавартай дагалдангийн зуршлаар түүний араас засварын газрын хаалгаар орлоо. Хир даг гэхээсээ илүү машины тос болж өнгө нь танигдахын аргагүй болсон халтар лангууны цаанаас лангуунаасаа нэг их дутахааргүй тос тортог болсон засварчин бид хоёрыг нохой орж ирсэн төдийч анзаарсангүй захиалгын хуудсан дээр гарын үсгээ зураад нөгөөх хэдэн хайрцагтайруу гараа явуулахад өвгөн нэг жижигхэн хайрцагтай сэлбэгийг түүнээс өрсөж лангуун дээрээс аваад эгээл мөхөөлдөс идэж байгаа хүүхэд шиг амтархан долоож эхлэхэд засварчин түүнрүү эгдүүцэнгүй хараад надруу харж
-Энэ дандаа ингэдэг юм гээж доогтой инээснээ өвгөнийг сонсож байгааг мэдсээр байж
-Амттай байна уу гэж хэнгэрэг хагартал чанга хэлээд мар мар инээхэд өвгөн хайрцагтайг ширээн дээр шидээд
-Буруу!Шорвог байна тэнэгээ гээд хаалгаруу зүглэв. Би ч засварчинруу нэг өвгөний араас нэг гайхаж хараад лангуун дээрээс захиалгын хуудасны шар хувийг авч өвгөний араас ухасхийлээ. Ард халтар засварчин халтар засварчинтайгаа пар пар хийн инээх сонсдов. Машинд бид хоёр хэсэг дуугүй явав. Өвгөн эхэлж ам нээн.
-Сонирхолтой байв уу гэж надаас асуув
-Тийм гэхүү дээ. Мэдэхгүй.
-Зүгээр дээ. Би энэ тэнэгийг тэгж явуулдаг юм. Хүнтэй мэндлэхгүй сэлбэгтэй мэндэлдэг хүмүүст заримдаа ийм арга хэмжээ авахад зүгээр. Тэр тэнэг хэзээч ойлгохгүй л дээ. Гэхдээ яахав. Нэг нартай өдөр тэр ойлгох ч юм билүү. Хэн мэдлээ гээд засварчнаас дутуугүй пар пар хийн инээхэд би түүнийг дэмжиж
-Тиймээ нэг нартай өдөр гээд түүнийг дагаж инээв. Галзуу. Ёстой галзуу өвгөн. Тэр халтар засварчинд түүний хэрэгцээтэй сэлбэгийг өгөхдөө хэрэгтэй харилцааг нь өгөхийг оролдож л дээ. Гэхдээ ийм даажигнал хөгжилтэй байсан ч гэсэн нэг их удахгүй тийм гэхийн аргагүй уйтгарт оруулдагийг тэгэхэд би мэдрэв.
Хугас өдөр хамт явж бие биеэ бага зэрэг ойлголцсон бид хоёр өдрийнхөө хоолыг идэхээр нэг дэлгүүрийн зогсоол дээр машинаа тавиад ойрлцоох том хусны сүүдэр дорх сандал дээр тухлав.
Хоол идэж байхдаа тэр ярих дургүй бололтой. Жижигхэн хуванцар саванд нямбайлж хийсэн эрдэнэ шишийн гурилд ороосон халуун ногоотой үхрийн нухшаа амтархан идэж дуусаад тэр хүрэмнийхээ дотор халаасыг ухаж ухаж нэг жижигхэн төмөр савтай зүйл гаргаж ирсэн нь ороомог тамхи аж. Би түүнд өөрийнхөө янжуураар дайлах гэхэд тэр
-Ханиалгаад байдаг юм, хэрэггүй гэж хэлээд задгай тамхи ороох ажилдаа үнэхээр дуртай бололтой эргүүлж тойруулж илж долоосоор удалгүй түүний ороомог бэлэн болов. Тэр тамхи бүрээ хамгийн сүүлчийн ороомог нь юм шиг үргэлж амттай нь аргагүй татна. Дараагийн зогсоол. Энэ удаа нүдээрээ инээсэн мексиг залуу биднийг тосов. Тэр нутгийнхаа хэлээр
-Хөгшин минь юу байна даа гээд өвгөнтэй мэндэлж гарынхаа тосыг арчаад бид хоёртой гар барив. Өвгөн ч түүнд элдэв гаж зан гаргасангүй эгээ л хавьд уулзаагүй нөхөртэйгээ учирсан юм шиг хэсэг яриа дэлгэж тэгэсгээд бид тэндээс хөдлөв. Энэ удаа тэр даргаагийн зогсоол хүртэл ам хамхилгүй ярьж их л хөгжилтэй явав.
Дараагийн зогсоол. Өвгөн урт нарыхан хайрцагтай сэлбэг тэвэрсээр засварын газрын хаалгаар орлоо. Би ч захиалгын хуудсыг барьсаар дагав. Хямсгар америк бид хоёрыг орж ирснийг нүдний булангаараа харчихаад машинаа засуулах гэж ирсэн өндөр туранхай шар хүүхэнд их л санаа тавьж буй мэт дүр эсгэх хэдий ч зальжин нүд нь аль хэдийн хүүхний хоёр хөхөнд санаа тавиад эхэлчихсэн байгааг өвгөн харчихаад дургүй нь хүрсэн хэдий ч тэдний ярьж дуусахыг тэсвэртэй хүлээв.
Хямсгар америк сая л бидний өмнө ирж захиалгын хуудсыг их л нягтлан үзэж дутуу авчих вий гэсэн шиг сэлбэгийн дугаар номертой харьцуулж үзсэний эцэст гарын үсгээ зураад эргүүлж сарвайхад өвгөн нөгөө өндөр хайрцагтай сэлбэгийг лангуун дээр босгож тавиад эгээ л хайртай хүүхнээ үнсэж байгаа юм шиг хайрцагний бөөрөн дээр шоб шоб хийн үнсэхийг харсан америк толгойгоо сэгсэрсэнээ
-Та хайрцагтай хурьцаж дуусавуу гэхэд өвгөн түүний үгийг сонсоогүй мэт хайрцагийг үнссээр байв. Би ч пар хийгээд инээчих гээд арай гэж өөрийгөө барьж байв. Хямсгар америкийн тэсвэр алдагдаж хайрцагийг өвгөний тэврээс булааж аваад цааш явахад өвгөн араас нь
-Уучлаарай Том гэж хэлээд захиалгын хуудсаа авсаар хаалга зүглэв.
-Таныг галзуу гээд байсныг одоо л ойлголоо гэж машинд суусан хойноо хэлээд инээхэд өвгөн надруу нэг нухацтай харснаа.
-Галзуугийн галзуу биш үү гээд миний мөрийг алгадан инээв.
Ийнхүү Галзуу Герман өвгөнийг дагалдсан нэг өдрийн галзуу дадлага өндөрлөх дөхөв. Хамгийн сүүлийн дадлага. Өвгөн захиалгын хуудаснуудаа бүртгэж боссд өгтөл нэг захиалгын хуудсан дээр гарын үсэг зуруулаагүй авчихаж. Босс өвгөнрүү муухай хараад та шинэ хүнд иймэрхүү үлгэр дууриалтай дадлага хийлгэж дээ гэхэд би хажуунаас нь орж
-Уучлаарай боссоо энэ миний буруу. Би зуруулахаа мартчихаж гэхэд босс
-Чи бишээ. Энэ галзуу л байхгүй юу. Үйлчлүүлэгчдээс бас гомдол ирсэн. Та тэдэнтэй зүй бус харьцсан байна. Таныг тэгж мэдрэл муутай хүн шиг аашлахаа боль гэж би хичнээн анхааруулсан билээ гэж боссыг ууртай асуухад өвгөн нөгөө гарын үсэг зуруулаагүй захиалгын хуудсыг барьчихсан тас тас хөхөрснөө
-Босс та үүнийг харж байна уу. Цаадах засварчин чинь бичиг үсэг мэддэггүй юм байна тэгээд хурууны хээгээ үлдээсэн байна. Бүр нэг ч биш тавын тав гээч гэж захиалгын хуудсан дээрх тостой хуруугаар дарсан парвийсэн таван хурууны хээг заав. Босс түүнийг харж толгой сэгсрээд захиалгын хуудсыг түүний гараас шувт татаж аваад цаашаа явав. Өвгөн боссын араас
-Have are good one Boss! гэхэд босс эргэж ч харалгүй баруун гарынхаа дунд хурууг гозойлгов.
Маргаашнаас нь би бие дааж сэлбэг түгээх болов. Зайгүй ажлын завсар зайгаар өвгөнтэй тамхилж хуучлахыг хүссэн хэдий ч таарахгүй байсаар долоо хоночихов. Өвгөн ч харагдахаа больчихов. Сураг сонсоход үйлчлүүлэгчдээс их гомдол ирсэн учир босс ажлаас халсан аж.
Дугуй араамтай нүдний шил хамар дээрээ тохсон үрчгэр өвгөнийг дагалдсан тэр өдөр өнөөдөр гэнэт санаанд бууж дор сийрүүлэв.
Oakland, USA 2010