ЭХ ГАЗРЫН АФРИК

2010-08-22,12:57


Босоо бичигтэй байсан босоо ард түмэн өнөөдөр хэвтээ бичигтээ хэвтэрийн хүн шиг болжээ. Монгол уйгаржин бичиг цаг үеийн шаардлагаар хэвтээ бичигт орсон гашуун түүхийг энд сөхөхийг хүссэнгүй. Дотроос нь навчин дээр унасан шүүдэр, гадаад орчин бүгд ил харагдах атлаа дотоод булхай үл харагдах харанхуй нийгэмд оршсоор байгаагаа та бүхэн ухаардагуу. Гэвч тэр нэгэн цагт «Хөх монгол улаан монгол боллоо, хуучин хүү шинэ монгол боллоо» гэж ногоон малгайтын бууны жадан дор бичин суусан суутнуудын минь сүнс амирлаагүй байна. Ардчилалын өргөө барина гэсэн хандивт ярилцлага өгч байгаа залуугийн үгийг сонслоо. «Ямар ч байсан ардчилал гарснаар бид дуртай орондоо зочих эрхтэй боллоо», «Бид юу хүссэнээ хийх эрхтэй боллоо» гэх. Би танд зүгээр ерээд оноос хойш эмч нарын оношилж чаддаггүй «хийрхэл өвчнөөр»-өө бус эрүүл саруул ухаанаар цааш уншихыг хүсье
.

ЦАЛИНТАЙ ХУВЬСГАЛЧИД

Урин цаг ирэхэд хорвоо дэлхийгээ дагаад хүн зоны амьсгал дулаасдаг нь орчлонгийн жам. Бас хахир хатуу цагийг харааж зүхдэггүй монгол зан. Морин цагийн хувьсгал тэр л эрчмийг бидэнд өгсөн. Баабар өгүүллэгээ туурвиж, «Хаан шалдан байна» гэж иш татаж хамаг Монгол үнэхээр нойрноосоо сэрж байсан нь ч үнэн. Үнэндээ надад «Хонхны дуу» илүү таалагдаж байлаа. Би тэдний дууг сонсох гэж циркийн хаалгыг хагалсан хүмүүсийн нэг. Ядаж надад «Хөдөлмөрийн хүндэт медал» өгөх ёстой бусуу. Тоглосон юм. Ардчилалд хутгалдсан болгон баатар гэж өөрсдийгөө дөвийлгөх. Ардчилалд хутгалдаж чадаагүй нь дахиад хувьсгал хийх юм гэнэ. Даанч тийм том бялуу байгаагүй нь харамсалтай. Нэгэнт хувь оногдоогүй хувьсгалчид гудамжинд гарсан нь бас үнэн. «Бухын доодохыг харж үнэг турж үхэв» гэгчээр хар ус ууж өлсгөлөн зарлах нь гомдолтой. /бас ч үгүй цалинтай/ Байлдаантай кино их үзсэн бидний сэтгэгүйхээр бол цавчилдаж явсан нь цаг бусаар булшинд нойрсож, цанхаалж явсан нь «Улсын баатар» болсон. Шинэ цагийн Их Богдын соёрхлыг хэн үгүйсгэх. Одон тэмдэг гэдэг гялайх өнгөндөө бус гялтайх гавьяандаа байдагийг хэн бүгд мэдэх хойно. Ард түмэн гэдэг нэгэн их цул. «Дээр нь юу ч эрээчиж болдог цагаан цаас» гэдэг үгийг «Хар тамхи бол ард түмнийг мунхруулагч» гэсэн нөгөө л гэнэн сэтгэхүйгээрээ ойлгодог Ерөнхийлөгч, Улс төрийн намууд, тэдний төлөөл болох Улсын Их Хурлын эрхэм «туучийнууд»-даа эхлээд хэлэх нь зүй болов уу. Хүлцэл өчье. Уучлаарай яаж бөхийдөг билээ.

ТӨР БАРИХ УУ ТҮРИЙ БАРИХ УУ

Уг нь монголчууд «цаг цагт нэг цаддаг цагаан сараар нэг цаддаг» гэж ирэх жилийнхээ шимийг энэ жилээс илүү өнгөтэй байхыг билгэддэгсэн. Гэтэл одоо сонгуулийн сургаар гэдэс гардаг болжээ гэхэд хилсдэхээргүй болжээ. Үнэндээ ирэх дөрвөн жилд өөдлөхүү уруудахуу гэдэг сонголтоо -Өөдлөхгүй гэж хэлээд сарын хүнсээр арилжчихаж байгаагаа ухаараагүй гэж баймгүй. Нөгөө хэн ч танихгүй /одоо ч таньдаг таньдаггүй ч хамаагүй болж дээ/ «бор халзан хонинууд» нь төр засгийн эрхэнд гараад ирэхээрээ Төрийн хар хүнүү түрийвчээ барьсан луйварчид уу гэдэг нь ялагдахаа больчихдог нь харамсалтай. Ёстой нөгөөд «Ардын элч» кинон дээр алагдсан нөхрөө аваад ноён дээр ирэхэд «Тайван амгалан бай, учрыг магадлъя» гээд буцаад өргөөлүүгээ алхдаг ноёдыг хараад Дарьбазар «Эдэнд нэгэн биеийн жаргал байвал түмний хэрэг хамаагүй л дээ» гэж хэлдэг шиг өнөөгийн төрийн түшээдийг хараад үүнээс өөр үг олдохгүй л байна. Саяхан нэг нөхөр надаас асууж байна. -Төрийн түшээд уул уурхайруу орно гэхээр хэн төр барих болж байна аа гэнэ. Би тэр хүнд -Харийханд орд газрын лицэнз худалдахыг хэлж байгаа юмаа, төр барьж байгаа нь тэр гэхэд тэр надруу энэ яасан доогтой нөхөр вэ гэсэн шиг том харж билээ. Тэгэхээр нь би дахиад жаахан явуулмаар санагдаад Чи миэдэж байгаа даа хуучин «Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас» гэж хэлдэг байв даа. Одоо «Төрөө засаад гэрээ зас, гэрээ засаад бие зас /морь хар/ гэдэг болсон шүү дээ. Хош гэм яасан билэггүй амтай хог вэ гэж байна. «Цөвүүн цаг ирнэ ээ гэж энэ дээ » гэж би амандаа шивнээд шингэж байгаа нарны туяаг харж суув. Инээд ч хүрэх шиг, уурч хүрэх шиг. Гэхдээ нэг ухаантай хүн хэлсэн байдаг юм. Үнэн үг сонссон ухаантай хүн уйлахаасаа өмнө инээдэг юмаа гэж.
 
ХААН ШАЛДАН БАЙНА АРД ТҮМЭЭН

Хуучин «Буянт ухаа» одоо «Чингэс хаан» гэж өргөмжлөх эх нутгийнхаа Олон Улсын Онгоцны ганц буудалд буугаад их хотын төвийг зорив. Арваад жилийн өмнө зургаа даруулж байсан Жанжин Сүхбаатарынхаа талбай дээр сүүдэрээ нэг татуулаадахья гэж бодоод очтол гадаадын жуулчдад хөтөч хийж байгаа оюутан байрын охин «Их жанжин Сүхбаатарын зааж байгаа энэ өндөр барилга бол одоо манай Монголд байгаа хамгийн өндөр барилга» гэж хэлэх нь чихний хажуугаар сонсдов. Хожим үнэнээрээ засагдсан түүхийн үнэнд үйл хэрэг нь бага зэрэг бүрхэгдээд байгаа Их жанжины маань үүрэг одоо энэ л болсон юм шив дээ гэж бодоход сэтгэлд нэг л уйтай. Тэр зааж буй барилга үгүй яах вэ өндөр л юм гэсэн шүү юм бодоод цааш алхав. Тухайн үедээ урдаа барьдаг түүх дурсгалын ганц өв байсан Их жанжин Сүхбаатарын морьтой хөшөөг эдүүгээ моодонд ороод байгаа Их Чингэс хааны суугаа баримал чамайг удахгүй газрын хөрстэй тэгшилж хаяхыг харах юм хум гэсэн шиг цоо ширтэх аж. Гэтэл бүр сонин юм олж харав. Засгийн газрын саарал орды урд хаалгаар гартаа хар цүнх барьсан шав шалдан нөхөд гүзээгээ унжуулсаар албархуу алхах аж. За ямар булайнууд нь ингэж явдаг байнаа. Арай ч эх захаа алдсан хэрэг болж байгаа юм бишүү гэж гайхсаар нүүрээ хийх газаргүй зогсож байтал нэг шалдан нөхөр нь миний өөдөөс улайн цайм дайрчих шахаад өнгөрөв. Гэтэл бишээ. Нөгөө олны танил нөхөр за байз хэн билээ… аан тийм УИХ-ын олонд танигдсан нөхөр яах аргайгүй дүрээрээ явж байв. Би: Хүүш таминээ гээд хашгиртал чармай нүцгэн эрхэм гишүүнийг хараад гайхаагүй атлаа намайг тэд энэ амьтан юу гээд хүмүүсийн анхаарал татах гэж ядаад байгаа юм бэ дээ гэж тээр шаасан байртай харснаа. «Өнөөөдөр ганц жагсаал цуглаан хийдэггүй өдөр биздээ» гэж хажуугийн хүнээсээ асууж байна. Энэ байдалд цочирдсон би Үгүй хүмүүсээ энэ нөгөө… гишүүн … Бишээ… УИХ-ын эрхэм гишүүн чармай нүцгэн явж байгаа юм бишүү гээд өөрийн мэдэлгүй хашгирч орхив. Миний үгийг тэд нохой хуцсаны чинээ тоосонгүй. Гэнэт миний уур хүрч «Баабар та нарт «хаан шалдан байна» гэхэд та нар эвэртэй туулай харсан юм шиг болж байсан биздээ. Одоо юу болох нь энэ вээ гээд би онигоонд орчихов болотой. Тэд элгээ даран инээж эхлэв. Тэр үед та нар нээрээ тийм байна гээд хашгичаад байсан одоо яасан бэ гэтэл тэд өөдөөс минь доогтой нь аргагүй инээгэд «Энэ яасан цаг үеэсээ хоцорсон тэнэг вэ! Хаанаас ирсэн харь гаргийн амьтан бэ? Одоо болтол мэдээгүй юмуу ! Тэд чинь үргэлж шалдан явдаг юм байхгүй юу. Тэр байтугай нүцгэн биен дээрээ шивээс хийгээд уралдаад эхэлчихсэн гэж нэг нөхөр надад шинэ соргог мэдээлэл өгсөндөө урамшиж эрүүгээ өргөв.
бичсэн: golomt төрөл: Аналгин | (3) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 1150 удаа

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

...DAJGUI SHUU...!
MOS ZUSEGCH (зочин) хэзээ бичсэн: 02:06, 2021-05-18 | Холбоос | |
goy bolsn bna
Зочин хэзээ бичсэн: 23:25, 2014-03-26 | Холбоос | |
алга ташилт
Зочин хэзээ бичсэн: 10:58, 2010-12-15 | Холбоос | |



:-)