ААЛЗ /Өгүүллэгийн үргэлжлэл/
Өнөөдрийн ширээнд урд шөнө түүний халаасыг хөнтөрсөн егзөр Дэвид юу ч болоогүй юм шиг мөрийг нь алгадаж мэндчилэв. Тэр түүний хариуд хоёр секундын инээмсэглэлээр хариу өгөөд ширээнд суув. Хос хоёр бололтой шинэхэн хоёр ногоон алим сууж байна. Эмэгтэй нь бооцоог өсгөх эрэгтэйрүүгээ муухай харан толгой сэгсэрэхэд залуу гэм хийсэн юм шиг түүнрүү хараад алгаа дэлгэн хариу өгөв. Залуугийн нүд ердөө хоёр багахан хостой гэдгээ хэлээд байхад газардах дөрвөн хөзөр хэн нэгэнд, өөрөөр хэлбэл егзөр Дэвид аль хэдийн дараалсан таван хөзөртэй болсныг илтгэнэ. Харин залуу зогсох төлөвгүй гар дахь хоёр хөзрөө байн байн харан нэгэнт тавьчихсан мөнгөнийхөө араас итгэл муутайхан харна. Энэ үед гэнэт Дэвидыг хорломоор санагдан «Азтай аавын хүү таван хостой сууж байна даа» гэж хэнэггүйхэн хэлэхэд залуу газарт эргэсэн модыг дахин нэг нухацтай хараад гар дахь хөзрөө чулуудчихав. Егзөр Дэвид надруу нэг муухай хяламхийгээд залуугийн өмнөх читон руу харамсал шуналын нүдээр харснаа түүнийгээ нуух гэсэн мэт хуурамч инээж -За за «балын бага нь амттай» гэдэг биздээ гээд өөрт оногдсон читоноо өмнөө өрж эхлэв.
За одоо миний ээлж дээ гэсэн шиг тэр хоёр залууг олзлонгуй хараад читон худалдаж аваад тоглоомондоо оров. Энэ үед эмэгтэй нь өндийж үүдрүү явахад араас нь хараад дажгүй бөгстэй хүүхэн байна шүү гэсэн шалиг бодлыг нь залуугийн ширүүхэн харц дор нь арчиж орхив.
Удалгүй тэдэнтэй Жонн нэгдэв. Том далбагар малгайнаас салдаггүй энэ нүдний шилтэй шар өвгөн тэтгэмжийн мөнгөө авахаар энд хонуут өнжүүтээр ирж суудаг бөгөөд нэг удаа дэлхий аварга шалгаруулах покерын тэмцээний шалгаруулалтад азаар тунаж үлдсэнээ хүн бүхэнд улиг болтол ярьж, өөрөө шалихгүй атлаа шинэхэн ногоон алимнуудад багшлах их дуртай. Үнэхээр түүний энэ арга заримдаа ногоон алимнуудад үйлчилдэг бөгөөд тэд түүнтэй тоглохдоо жийрхдэг нь инээдтэй. Үнэндээ өмнө нь өрсөн уул овоо шиг читон нь хожоод авсан юм бус худалдаж авсан гэдгийг мэдвэл тэдний хөх инээд хүрэх нь лавтай.
Шөнийн нөр их хөдөлмөрийнхөө ургацыг аалз хурааж эхлэх нь тэрээ.
Үд дундын хэрд түүний үхлийн тор чамлахааргүй хүнс бэлдэж аалз авхайн үдийн зоог амттайхан болов.
Шинэ барилга, шинэ модны үнэр шинэ тохилог сууцаар элбэг байдаг учир урд шөнийн урласан тор ан сайтай байсныг эргэцүүлэх зуур тор татаагүй зүүн жигүүрээр олон ан хий нисч өнгөрсөн нь санаанаас нь огт гарсангүй. Түүний шинэ тор маргааш ч ан ихтэй байх нь дамжиггүй биз. Гэхдээ аалз өглөө нь наран эхтэй мэндлэхээ мартчихгүй бол тэр шүү дээ.
Үргэлжлэл бий