ААЛЗ

2010-08-15,14:30

 Өгүүллэг

 Өглөөний шаргал наран аалзны хэвлийг ээхэд тэр сая эцэс төгсгөлгүй ажлын дөрнөөсөө хөндийрч хоромхон төдий завсарлага авч хэсэг хөдлөлгүй таазнаас зүүгдэв. Нарны гэрэл түүний нөр их хөдөлмөрийг үнэлэх мэт өглөөний хяруунд үл мэдэг дэвтсэн судлыг гэрэлтүүлэхэд хий агаарт үхлийн цайз болон хөндөлсөх түүний тор сувдран цайрч улам үзэсгэлэнтэй харагдах аж. 
Энэхэн хоромд зэргэлдээх цонхны сийлхийд амьдрагч ялаа нарны гэрэлтэй уралдан хошуугаа цухуйлган яаран нисчихэв. Харин энэ өглөө тэр амьдралдаа анх удаа алтан дэлхийг алагчилгүй гийгүүлэгч нарны -Өглөөний мэнд гэсэн урин дулаан урсгалд хариулахаа мартсанаа хөөрсөн хойноо л санав. Гэвч хожимджээ. Нарны гэрэлд дэвтсэн цана нь хатаж чивчирсэн аалзны торонд тэр гацчихав. Хичнээн тийчлээд хаашаа ч гарах аргагүй болсон түүний амьдралын төгсгөлийн гэрч нь аалз бас алтан нар хоёр л болов.

 *     *     *

Дорнын сэвэлзүүр салхи өглөөний наранг үл анзаарагч далайн мананг их хотын гудамд авчирчээ. Хотын хөдөлгөөн эхлэхээс өмнө ажлаа амжуулдаг хогныхоны хааз өндөртэй том тэргүүд хажуугаар өнгөрөхөд хавын газраар нэг хэсэгтээ нэл өмхий үнэр тархах бөгөөд яг энэ үеэр тэр тэргээс амжиж уулзваргүй газраар зам гарч гүйсэн хар нүдний шилтэй өндөр залууг тэд золтой л дайрчихсангүй. Хогийн тэрэгний хэнгэрэг хагалах дөхсөн дохио түүнийг тохуурхах мэт чарласаар удалгүй манан дунд орон замхарчихав. Амандаа хараал урсгасаар замын хөндөл дээр зогсох цэмцгэр хувцастай залуу хавьд тархсан өмхий үнэр хамар сэнгэнүүлэхэд амаа даран тэр үнэрээс дайжих мэт  хажуу тийш хар хурдаараа хэд харайлгаад газар нулимаад аль хэдийн замхарсан хогийн машины араас заналтайгаар ширтэн хэсэг зогсов.
-Хар үүрээр хот бузарласан балиар амьтад гэж тэр амандаа гүвтнээд өмхий үнэр хувцасанд нь шингэчихсэн юм шиг өөрт нь санагдаж хүрэмнийхээ энгэрийг татаж үнэрлээд яарвайж халааснаас тамхи гарган зууж асаав. Тэр нэгэнт зорьсон газраа иржээ. Байшингийн буланд гэрэлтэх «Казино» гэсэн босоо гэрлэн чимэглэл унтраагүй байхыг бодоход тэр цагаасаа жаахан өмнө ирсэн аж.
Түүний өдөр бүхэн эрхэлдэг ажлын байр нь энэ. Тархиндаа тоо үржүүлж, өчигдөр шөнө гэнэдэж алдсан мөнгөндөө харамсаж, өөрийх нь халаасыг шувтлаад гаргасан өвгөнөөс өнөөдөр хариугаа хэрхэн авахаа тунгаах мэт тамхиа шуналтай гэгч нь сороод дээш хий гөлрөв. Удалгүй тэр нэгийг санасан бололтой жуумалзан инээгээд замын хашлага руу тамхиа няслаад шилэн хаалгаар орж явчихав. Танил үнэр, танил нөхөд зарим нь «энэ нэг юм» гэсэн шиг хайхрамжгүй харан толгой дохино. Яаж ч хайхрамжтай байхав дээ. Тэд бүгд өдөр бүр нэг ширээнд сууж тоглон элдвийг хөөрөлддөг ч цаанаа бүгд бие биенээ үзэн яддаг хойно. Харин хаа нэгтээ хэсэж яваад санамсаргүй ороод ирсэн ногоохон гэнэн тоглогчдын халаасыг хамжиж суйлахдаа нүд нь сэргэж тамхи татах зуураа амны зугаа болгож ярих дуртай. 

 Үргэлжлэл бий

бичсэн: golomt төрөл: Өгүүллэг | (4) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 1790 удаа

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

DAHIN IREH AMIDRAL
HI TSAASH YU BOLOSON BE?
TUNGAA (зочин) хэзээ бичсэн: 11:42, 2011-02-16 | Холбоос | |

Зочин хэзээ бичсэн: 10:05, 2011-01-06 | Холбоос | |
ууртай
Зочин хэзээ бичсэн: 16:23, 2010-10-28 | Холбоос | |
энэ аймар гоё эхэлжийна тэ...
Үргэлжлэлээ хурдан оруулайрай... ярзайтал инээх
luna хэзээ бичсэн: 17:28, 2010-08-17 | Холбоос | |



:-)