БААВГАЙТАЙ ЧИХЭРТЭЙ АЯНЫ БОГЦ

2010-10-30,11:46



       /Аавын нутагт аяласан замын тэмдэглэл/


Бидний хөлөглөсөн АН24 онгоц Тосонцэнгэлд газардаж бид тэндээс нүүрсний машинаар Идэр сумыг зорив. Аав ээжийн минь төрсөн нутаг. Би өөрийн саналаар ачаан дээр суухаар болов. Ээж
-Миний хүү сайн барьж яваарай. Замын донсолгоонд шидүүлчихэв гэж захив. Миний хувьд сайндаа ч дээшээ гарах гэж зүтгэсэн биш л дээ. Ээжийн хөдөөгийн хүүхдүүдэд өгөх гэж «Мэргэжилтнүүдийн дэлгүүр»-т ордог даргын авгайд захиж байж авсан «Баавгай»-тай чихрэнд л болсон хэрэг. Зил-130-ын тэвшин дээрээс хөдөөгийн сайханд нүд хужирлаж, «Баавгай»-тай чихэр хүлхсэн шиг явах сайхан байж билээ.
 Завхан нутаг сайхан нутаг
 Замын хүн саатмаар нутаг гэж зүгээр нэг хэлээгүйг нүдээрээ үзэж сэтгэлээрээ баясч явав. Өндөр өндөр модтой уул нь дээрээс дараад авахна уу гэмээр сүрлэг гэдгийг нь. Над шиг талаас ирсэн хүнд аргач үгүй биздээ. Би Зил-130-ын ачаан дээр сэгсрүүлсээр байгаад нэг мэдэхэд унтчихаж. Хөлөөс хүн хүчтэй татахад л сая сэрэв. Аав ээжийг дуудаж
-За энэ хэргийн эзнийг харав уу! Нөгөө хүүхдийн нүд хуурах гэсэн хэдэн чихрийг чинь цөлмөчихөж. Дээр сууна, дээр сууна гээд байсан. Энэ чихрэнд сэтгэл нь хоргодчихоод л тэгээд байж.
     Идсэн чихрийнхээ цаасыг замдаа хаячихалгүй дороо хаяад байсан маань хэргийн баримт болж бас идэж амжаагүй байсан чихэр алганд хайлаад урсчихаж. Гараа долоотол бүр буруудав.
-Бас цадаагүй байна гэнэ гээд аав толгойруу гөвөөд авав. Өвдөөгүй ч гэсэн худлаа уйлж ээжээс тал олох гэсэн санаа минь бүтэж ээж
-За за юун сүртэй юм. Идээд идээд хичнээн л идэв гэж
-За миний хүү битгий уйл гэж намайг аргадав. Миний дүү намайг шоолж инээгээд завгүй. Бид аль хэдийн өвөөгийнд ирчихэж. Өвөө эмээ, ээжийн дүү нар тосч ирээд тэр хавиар нэг золгуут болов. Өвөө надад их сайн. Юм л бол өвөр дээрээ аваад суучихна. Ээжийн баавгайтай чихрийг тавган дээрээс авч надад өгөхөд би аавын нүдийг хариулж байгаад өвөөгийн гараас хурдхан авах.
Хөдөөгийн хүүхдүүд хөрслөг бор царайтай. Гутал өмсөнө гэж үгүй. Ээж дүүгийн хүүхдүүдэд бүгдэнд нь орос бакал авчирсныг ээж нар нь нэг өмсүүлж үзүүлээд тайлаад авчихав. Удалгүй би тэдэнтэй нэгдэж гутлаа тайлж явах гэж оролдсон боловч тэнд энд гишгэсээр явтал тэднээс хол хоцорчихно. Харин голын сайр бол өөр. Идэрийн голд загас жараахай шумбаж байгаа нь нэг бүрчлэн харагдах нь гайхалтай. Аав маань ээжид
-Олон газраар л явлаа. Манай Идэрийн гол шиг ийм тунгалаг устай гол үзээгүй шүү гэх нь чихэнд сонсдов.
Бид өвөөгийнд хэд хоноод аавын талын хөгшчүүлд очиж золгох болов. Багабандихай, Ихбандихай гэж авгайлдаг хоёр хөгшнийд эхлээд очихгүй бол болохгүй гэнэ. Явах сургаар би аавд
-Буугаа аваад явах уу ааваа гэхэд ээж ааваас өрсөж
-Хэрэг байна уу хөгшөөн гэхэд аав
-За яахав ээ хөгшөөн. Нутагтаа ирсэн юм байна. Хангай дэлхийнхээ хайр хишгийг хүртэе. Тэгээд ч бараг өдрийн газар зам зуураа ганц нэг дан хийлгэж явахад яахав дээ гэв. Би ээжийг хараад зөвшөөрснийг нь ойлгож бор чемоданд салгаж хийсэн 250-ын тусгалтай орос калибр буугаа гаргаж дор нь угсраад тавьчихав. Аав түлээн дээрээс нэг мод олж аваад бууны хөлөрхүү гадас зоров. Уг нь аавын буу цанын таягаар хийсэн данхгар цагаад хөлтэй боловч холын замд овор ихтэй, ачааны нэмэр гээд ээж орхиулчихсан юм.
Ээжийн дүүгийн хүү болох миний үеийн жаалыг Ууганаа гэх. Тэр адуунаасаа  уналганы хэдэн морь хөтөлж ирсний дотор хондлой дээрээ том том цагаан толботой морь өөрийн эрхгүй харц булааж байв. Өвөө
-Муу охиндоо цоохор үрээгээ унуулна аа. Еэ тэр алхахыг нь яана аа. Өндөр Готов таван мориор өгчих гээд шалаад болдоггүй. Унаган морио арилжина гэхээр сэтгэл нэг л төвдсөнгүй. Тэгээд ч муу охиноо ирэхээр унуулахад хөл хөнгөн гэж бодоод гэхэд ээж
-Муу аав минь та өөрөө унавал яасан юм бэ гэхэд
-Үгүй миний охин уна гээд халгаасангүй.
Надад нэг номхон бор морь таарав. Өвөө Ууганааг дуудаад
-Би чамд энэ бор морийг авчир гэсэн үү. Одоо болтол малын зүс мэдэхгүй л байв гэж чи. За яахав ээ муу хуухайг гээд өвөө намайг дуудаж
-За миний хүү мориныхоо амыг сайн татаж яваарай гэж захив.
Би зөрсөөр байгаад аавын бууг үүрч хот айлаас гарсан нь үеийн хүүхдүүдэд хот газраас нэг мундаг анчин хүү ирсэн байна лээ гэж хэлүүлэх гэснийх. Ингээд нийт таван морьтон хот айлаас хөдлөв. Идэр гол яралзан урсч энэ тэнд нугын хөх бурхиуд биднээр доог тохуу хийх мэт хошгичин гүйлдэнэ. Завханы тарвага гэж манай тал газрын тарваганы дэргэд бараг худалч хүнд нохой шиг том амьтад бололтой. Өвөө надад удахгүй гол гатлахаар миний хүү усруу битгий хараарай тэртээ уулын оройг хараад гардаг юм шүү усруу харвал толгой чинь эргэнэ гэж захив. Голын эргэрүү ороход наахна талд нь эгц уруу жалга байх агаад аав мориныхоо амыг гэж хэлж дуусаагүй байтал юу болов гэмээр тэнгэр газар нийлэх шиг болоод би нэг мэдсэн морин дээрээсээ унаад голын сайхан дээр нүүрээрээ шаагаад уначихав тэрхэн зуур толгойгоо өндийлгөх гэтэл үүрч явсан бууны бөгс толгой дээр тас байгаад... Нэг сэрсэн аав, ээж, өвөө гурав миний дээрээс тонгойчихсон амандаа нэг юм хэлээд байгаа бололтой удалгүй тэр холоос үг нь ойртов.
-Сүйд болох дөхлөө.За ашгүй ухаан орлоо гэх өвөөгийн дуу
-Мориныхоо амыг татаж яв гээд байхад. Хэлж дуусаагүй байхад л тэрий хадаад явчих юмаа. Толгой нь өвдөж байна уу. Бүр буу үүрэх гээд улайраад байсан юм. Ингэх гээд байж л дээ гэхэд ээж
-Буу авч явах хэрэггүй гээд байхад. Муу хүүг минь алаад хаячих шахлаа гэж аавд уурлав. Миний толгой ч гайгүй. Харин өвөөд
-Өвөө Ууганаад битгий хэлээрэй. Цаадах чинь намайг шоолоод байдаг юм шүү гэхэд өвөө
-Хаанаас миний хүү. Өвөө нь хэлэхгүй. Харин тэр муу хуухайг эргэж очиж байгаад нэг сайн гөвөөд өгнө өө. Бор хээр морь бариад ирээрэй гээд байхад муу бүдэрдэг борыг аваад ирсэн байгаа юм гэж амандаа үглэв. Бүдэрдэг бор морь унасан хот газрын мунадаг анчин хүү би харихдаа хэдэн мунадаг тарвага ганзаглаад очих юм шүү гэж дотроо бодсоор мориныхоо амыг чангахан татсаар цааш замаа хөөв.
                                                              Үргэлжлэл бий

бичсэн: golomt төрөл: Үхрийн бөөр | (4) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 1291 удаа

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

...ZAA YAHAV DEE! (Kalibr zadardaggui cm shuu)
MOS ZUSEGCH (зочин) хэзээ бичсэн: 02:14, 2021-05-18 | Холбоос | |
zrgt yamar mergen helsen bnaa kk, chamaar nutagtaa unguruulsen huuhed nasniihaa dursamjiig ingej goy bichuuleh yumsan, nadad daanch ingej goy durselj bichih avyas alga.Zarimdaa bichmeer sanagddag ch ter nutag tsag uy maani denduu aguu, bi denduu uchuuhen sanagdaad..,
unshigch (зочин) хэзээ бичсэн: 05:54, 2011-02-13 | Холбоос | |
Агуу хүмүүс сэдэв ярьдаг. Энгийн хүмүүс амьдрал ярьдаг Жижиг хүмүүс хүн ярьдаг Зорилготой хүн дэлхий дүүрэн боломж ярьдаг Зорилгогүй хүн таваг дүүрэн бэрхшээл тоочдог Хүчирхэг нь боломжийг бүтээдэг Оюунлаг нь боломжийг ашигладаг Сул дорой нь боломжийг хүлээдэг Тэнэгүүд нь боломжийг алддаг. Бичлэгүүд үнэхээр таалагдлаа! дүүд үг нь мэргэн,үзэг нь хурц байхыг хүсье! амжилт хүсье! их бичээрэй!уншигч чинь нэгээр нэмэгдлээ!
zorig хэзээ бичсэн: 15:59, 2010-11-30 | Холбоос | |
Завхан явж үзэх юмсан гэхдээ явнаа тэгэж байгаад, Морьноос бол ч зөндөө унаж байсан одоо харин морь уналгүй бараг л хэдэн жил болчихсон байна шүү, хөдөөнийхөн чинь мотоцикль уначихсан л адуугаа тууж харагдаад байна лээ
sitgel хэзээ бичсэн: 12:21, 2010-10-30 | Холбоос | |



:-)