АРВАН НЭГДЭХ ШАЛТАГ

2012-03-05,12:54


Сан Франциско хотын төвд хэдийн шөнө дөл болжээ. Хаа нэгтээ дэлгүүрийн буланд эргэлдэх

орон гэргүй нэгэн, аль эсвэл оройтсон хэдий ч аз таарч магад хэмээн горилох биеэ үнэлэгч хоёроос өөр хүн гудамжинд алга. 
Эсрэг талын хөлсний байранд ганцхан цонх шөнө бүр гэрэлтэй хононо. Аваарын шат унжсан давчуухан тагтан дээр аль хэдийн үхсэн ваартай цэцэг байх бөгөөд угаас ганцхан өрөөний цэлгэр цонхоор доторх эд хогшил бүгд цэлийтэл харагдана.
      Тавилга гэх зүйл энэ умгар өрөөнд ховор. Таазанд ёлтойх бүдэгхэн гэрэлд өрөөндөө томдсон ханын нүсэр модон цаг, лавхан суусан хүний толгой цухуйхааргүй хуучны хийцтэй арьсан буйдан, авсаархан номын тавиур, сайн ажигласан хүнд номын тавиурын голд ширээний цаг бий. Түүртэлгүй бүхнийг тоочсон учир гэвэл энэ өрөөнд өөр тавилга байхгүйд байгаа юм. Сүүлийн сар гаруй хугацаанд энэ энгийн атлаа этгээд хөлсний байранд чухам ямар хүн амьдардаг юм бол гэж сониучархан шөнө бүр ажигласан боловч нэгч хүн үзэгдээгүй нь гайхаш барж орхив. Хүн ороогүй сул байр юм боловуу гэж хэн нэг нь бодож болох боловч энэ дүүрэгт сул хөлсний байр олно гэдэг өдрийн од хайхтай бараг агаар нэгэн. Бүр ойлгогддоггүй зүйл гэвэл шөнө бүр гэрэлтэй хононо гээч.

 *     *    *

     Тэр ойрноос залхуутайхан чаг чаг хийн эргэх цагийн зүүг ширтэн удаан суух болов. Хөндлөнгөөс хэн нэг нь харвал хүн хүлээж сууна уу ч гэж бодогдмоор. Аль эсвэл хөгжөөн дэмждэг хөл бөмбөгийн багийнхаа тоглолтыг тэсэн ядан хүлээж байгаа нэгэн шиг. Гэхдээ энэ өрөөнд харамсалтай нь телевиз байхгүй. Магадгүй мэдрэл муутай юм боловуу гэсэн таамаг л дөхөж очих вий. Яг үнэндээ тэр энэ бүхэнд санаа зовохоосоо нэгэнт өнгөрсөн хүн. Одоо түүний хамаг сэтгэл санаа цагийн зүүг ширтээд таг. Чухам яагаад ингэх болсоноо тэр өөрөө ч мэдэхгүй. Гэхдээ л ямар нэгэн хүлээлт сэтгэлийн мухарт нь байгааг тэр сайн мэднэ.  Эргээд харах төдийд эрчилсэн сум шиг харвачихдаг цаг хугацаа эгц ширтээд суухаар ахиж өгдөггүй нь хачирхалтай. Яах аргагүй нэг хэмнэлээр цохилоод байх шиг атлаа янз үзсэн юм шиг мөлхөөд байдаг юм бол. Энэ муу ямбий худлаа яваад байдаг байх гэж хардсандаа цагчныг гэртээ дуудаж үзүүлэхэд «-Таны энэ ханын цаг их эртний үнэтэй эд байна. Тэгсэн хэдий ч танаас урт насалсан ч худлаа заах эд биш байна. Үнэ тохирвол зарчих дүү хүү» гээд шалаад байсаныг яана. Ширтээд хичнээн суусаныг мэдэхгүй. Тэр тэвчээр алдаад босч ус буцалгагчаа залгаж кофе найруулж аваад эргээд иртэл аль түрүүнээс хойш ахиад шалиагүй нөгөө цаг чинь энүүхэн хооронд талийж өгсөн байв. Гэнэт түүний дотор гал шатаж хэн нэгэнд уураа гаргамаар санагдаж ийш тийш харсан боловч «Хөөе тэнэгээ хэнийг хайгаад байгаа юм бэ? Тэр уураа гаргах гээд байгаа амьтан чинь би байна” гэсэн шиг ханын цаг хачин хүчтэй цохилж яагаад ч очих болоогүй байсан 12-ын зүүг зааж чанга чанга гэгч дуугарч эхлэв. Дуу нь урд урдынхаас чанга сонсогдоно. Тэр өөрийгөө барив. Яагаад гэвэл түүнийг эвдэх арван шалтаг байсан ч эвдэхгүй үлдээх ядаж арван нэгэн шалтаг байгаа гэдэгт тэр итгэж байв. Яагаад ч юм тэр нандин арван нэгдэх шалтагийг надад харуулахгүй гэсэндээ намайг өдөж, дарамталж байгаа нь харцан дээр нь ил. «-Муу ямбий чи цагчны үгэнд оодроод байхгүй шүү. Би чамайг дуртай үедээ хэмхэлж чадна» гээд тэр тамхи асаан буйдандаа тухлав.
     Хэрвээ цагийг амьтай гэж бодвол зүрхний бичлэг хийж үзэхсэн. Сонгодог хөгжим шиг төгс хэмнэл лав уншигдахгүй. Явж явж галзуу хүний өдрийн тэмдэглэлээс долоон дор бичлэг байна даа. Гэхдээ галзуу хүний өдрийн тэмдэглэл сонгодог хөгжим хоёр хол зөрүүгүй юм шиг санагддаг нь хачин. Магадгүй би ойлгохгүй болоод ч тэгж санагдаж болох. Гэхдээ ойлгохгүй байна гэдэг чинь ойлгож буйгийн нэг хэлбэр биш гэж үү. Солиотой, Үнэхээр солиотой сонгодог гэж тэр өөрийгөө бага зэрэг хөхүүлэн урамшуулав. Гэвч удалгүй цаг түүнийг дахиад л дарамталж эхлэхийг тэр мэдрэв. Хогийн муу модон хүүхэлдэй, хоосон далдагнуур чинь цаг хугацааг биш харин миний амьдралыг хэмжиж амин голыг нь татаж сунгаад байх шиг түүнд санагдаж байлаа. Энэ далдагнуурыг хэн нэг нь зохиогоогүй байхад монголчууд цаг хугацааг нараар багцаалж, тэр ч бүү хэл тооноор тусах нарны гэрэл аль унин дээр давхцаж байгааг ажаад бүр нарын хэлж чаддаг байсан тухай тэр хаа нэгтэйгээс уншсан санагдав. «-Тэд чамаар хэлүүлтгүй өөрсдөө «Бага үд боллоо адуугаа хураагаарай. Их үдэд хөдлөнөө» гээд л…Ямарав дээ? Чи итгэхгүй л дээ»  Гэтэл нөгөө далдагнуур чинь «Чи биш тэд юм биз дээ. Чи нэг харж байгаад багцаалаад хэлээдэхдээ» гэх шиг хавчиг хавчиг хийн цохилж байв. Тэр өөртөө зүгээр л «-Мөрөөр нь орхичих» гэж шивнэв.
     Өглөөнөөс хойш тамхи баагуулсан тэр бөгшүүлэн ханиалгахад гэнэт дотор нь эвгүй оргин огимоор болоод ирэхээр нь угаалтууранд тонгойж хэд хоосон огиод хараал тавьсаар сандалдаа суутал ахиж байхыг нь нэг ч удаа анзаарч чадаагүй голигор бүдүүн зүү, далдага нарийн зүүтэйгээ аль хэдийн давхцчихсан 12-дээр гозойж өөрийг нь дуурайн бөгшүүлэн ханиалгах шиг чанга чанга дуугарч гарав. Тэснэ тэснэ гэхэд арай ч дэндэнээ! Чөтгөр аваг тэр 11 нэг дэхь шалтаг гэж хашгираад ханын цагийн өмнө үсрэн очив.

*     *     *    

     Тэсвэр алдахдаа хэмх цохичихсон том ханын цаг тэнд харлан хэвтэж байна. Тэр тайвширч чадаагүй байлаа. Амандаа нэг юмыг дахин дахин үглэсээр. Сайн чагнавал “Бага үд болсоон, адуугаа хураана мэдэв үү. Бага үд болсон…адуугаа хураана мэдэв үү…» гээд л.
     Одоо тэр бага зэрэг тайвширчээ. Доогтой цохилт, доромжилсон царай аль хэдийн амьсгал хураажээ. Өнгөрсөн хором нүдний өмнө жирэлзээд өнгөрөхүй түүнд ханын цагийг хэмхчиж байхад тийм гэхийн аргагүй сайхан таашаал төрснийг тэр санав. «-Оронцог минь ингэж цохилохын оронд таг чимээгүй байсан чинь дээр. Мэдэв үү! Аан!» гээд л хашгиран дэвсэж байж билээ. «Ёстой галзуу гоё аашилсандаа. Тэгэхэд надад үнэхээр цаг хугацааг дэвсэн чичрүүлж байх шиг санагдсан шүү»  гэж бодох зуур ханын цагийг эвдэлж байхдаа шалбалчихсан гараа сая л анзаарч өндийхөд гэнэт ард нь аль хэдийн амьсгал хураасан ханын цаг аажуухан цохилох шиг түүнд санагдав. Тэр болгоомжтой эргэн харвал ширээнийн намхан цаг цаанаа л ёжтой инээгээд эвшээлгэх шиг чаг чаг хийн цохилж харагдав. Галзуурах дөхсөн тэр ханын цагны хугарсан модон хөлийг шүүрч аваад давжаа муу ширээний цагийг хэд хүчтэй балбахад эд анги нь талын нэг тарж ороомог хэдэн утас санжигнах нь гэдсээ цувуулсан турьгүй амьтан шиг түүнд санагдав. Хэрэндээ хүч гаргасан тэр ханын цагны хөлийг газар чулуудаад буйдан дээрээ лагхийн унав.
   «-Энэ мууг цохилдог гэж үнэхээр санасангүй шүү өмнө нь ханын цагандаа хага дарамтлуулаад дуу нь дарагддаг байсан байх нь шүү» гэж тэр өөртэйгөө яриад нэгэнт чив чимээгүй болсон өрөөндөө тааз ширтэн хэвтэв. «Энэ тааз чинь цагаан өнгөтэй байсан юмуу. Хана шигээ шар, тэгээд ч хөлсний байрын хана таазыг ижил өнгөөр л буддаг гэж боддог байсан маань үгүй байх нээ» гэж бодоод гэнэт их ядарсанаа сая л санахад тааз алгуурхан харлалаа.
*     *     *

     Харанхуй нарийн гудмаар тэр хар хөлсөө асгаруулан уухчин гүйнэ. Хар эрээн ханын цаг харанхуй гудамжинд хажуу элгээрээ хөрвөөчихсөн хар эрчээрээ түүнийг нэхэн хөөнө. Бас болоогүй дээр нь цагдаагийн машины улаан цэнхэр аваарын гэрэл анивчиж харагдана. Гэнэт эвдэрхий ширээний цагны санжигнасан ороомог хэдэн зуу дахин томорчихсон хажуугаар нь нисэн орж ирээд хоолойгоор нь боогоод авахад тэр хахаж цацуулан хоолойгоо дарсаар сэрчихэв. Хар хөлс нь цутгачихсан амьтан амьсгаадсаар өндийхөд харанхуй гудмаар галын тэрэг бололтой суналзсан урт юм дохиогоо хангинуулсаар их дуу хадаан өнгөрөв.
«Новш гэж ингэж хар дараад байхдаа яахав дээ» гэж тэр амандаа үглэсээр ширээн дээрх аль хэдийн хөрсөн коферуу гараа явуулсанаа больж гал тогоонд очиж гоожуураас хүйтэн ус хийж нэг амьсгаагаар залгилаад эргэж буйданруугаа зүглэв. Тэр бүх зүйл болоод өнгөрснийг нүд гүйлгэн хараад сэтгэл нь бага зэрэг хөнгөрсөн ч ямар нэг зүйл дутуу юм шиг түүнд санагдаад байв. «Юу ч биш шүү дээ. Болох зүйл болдогоороо л болоод өнгөрсөн» гэж тэр өөртөө хэлсэн боловч яах аргагүй нэг зүйлийг хүчээр хав дарж өөрийгөө хуурч байгаагаа мэдэж байв. «За тийм дээ! Ямар яршигтай юм бэ дээ. Арван нэг дэх шалтаг. Үнэхээр тэр юу байсан байв. Ёстой чөтгөр бүү мэд. Бүх зүйл болоод өнгөрсөн одоо ямар ч шалтаг ямар ч дарамт байхгүй болсон»  гэж тэр өөртөө хатуу хэлэв.
     Гарынх нь шалбарсан бага зэрэг хөндүүрлэнэ. Одоо нэгэнт ширтэж бясалгах ханын цаг үгүй болсон болохоор тэр буйдандаа тухлаад нүдээ аниад дахин зүүрмэглэж эхлэтэл биед нь ямар нэг зүйл яг цагийн хэмнэлээр цохилох шиг түүнд мэдрэгдэв. Ямар юм нь гэж өөрийгөө нэгжих шиг тэмтэчсэнээ ,«Чөтгөр аваг бугуйн цаг. Би яагаад өмнө нь санасангүй вэ? Цаг л бол цаг. Цаанаа л адтай бугуйн цаг. Энэ миний судсыг барьж хамаг мэдээллийг цуглуулж ханын цагт дамжуулж намайг аашилж эхлэхээс өмнө тэд бүхнийг мэдчихээд даапаалж байсан байх нээ. Одоо болохоор гэмгүй царайлж гижиг хүргэчиж чадахгүй гийнах мэт мөлхөж байгааг нь харахгүй юу? Чамд чиний 10 секундыг чинь өгье намайг харж байхад 12-дээр гозойхгүй бол бусдынхаа ижил болно гэж мэдээрэй» гэж тэр бугуйн цагаа гараасаа салгаад ширээн дээр тавьж ханын цагны хугархай хөлөө онилон тоолж эхлэв. «-10, 9, 8, 7, 6, 5, дөрөв…, гууурав, хооооёр,гэж сунжруулж байсанаа «Би яагаад энэ далдагт хугацаа өгөөд байгаа юм» гэж зурвас бодсоноо «-Нэг»  гэж тэр огцом хэлээд бугуйн цагаа ганцхан дэлсээд чад хийлгэчихэв. «-Гүйцээ, дуусаа, боллоо!!!» гэж тэр хашгирав. Хар дарсанаас илүү түүний хар хөлс цутгачихсан хамаг биег нь чихүүцүүлнэ. Баруун гар нь чичрэхийг тэр сая мэдэж гартаа атгасан ханын цагны хугархай хөлнөөс цочсон юм шиг газар огцом чулуудчихав. Яагаад ч юм хүсээгүй атлаа хүн буудчихаад цусыг нь харж дотор нь муухайрсан нэгэн гар буунаас нь болчихсон юм шиг газар чулууддаг хөдөлгөөнийг тэр давтчихсан юм шиг түүнд санагдахад тэр өөрөөсөө цочих шиг болов. «Үгүй тэд буруутай. Би яагаа ч үгүй. Тэд өөрсдөө эхлэсэн шүү дээ» гэж хэн нэгэнд хандаж хэлэх шиг тэр амандаа үглэж байв. Тэр тайвширахаар амандаа тамхи зууж асаахыг оролдсон болов ч чадсангүй. Базаад газар шидэв.

*     *     *
   
     «-Хоосон цэцэрхэгч, хоёр нүүртэн, алиа салбадай»  гэж амандаа шивнээд тэр хуруугаа хөхөөд буйдандаа хурган суув.  Бага байхаасаа болохгүй хэрэг тариад банга хүртэхээрээ  хуруугаа хөхөөд суучихдаг байсан бөгөөд одоо болтол энэ зуршилаа тэр тавиагүй юм. Ганцхан хамгийн сүүлд хэзээ ингэж хуруугаа хөхсөнөө л санахгүй байв. Санахыг ч хүссэнгүй. Ямар ч байсан тэр бүхнийг алдаж эхлээд нэгэнт оройтсон юм шиг түүнд санагдаж байлаа. Бүх зүйл хяналтнаас гарчихжээ. Өнгөцхөн харахад хэдэн цаг эвдэлсэн юм шиг боловч энэ зөвхөн үүгээр зогсоогүй болохыг тэр сайн мэдэж байв. Наад зах нь тэр өөрийгөө ч хянаж чадахаа больсон байлаа. Яагаад гэвэл тэр хуруугаа хөхөж байна шүү дээ.
…Хий хоосон элдэв үл ойлгогдох зүйл шивнэж байхад нь түүнийг нь бас л цагны хүнд цохилтын хэмнэл бүх биеэр нь мэдрэгдэх шиг болохыг там тум мэдрэв. Тэр чимээгүй болж маш анхааралтай чагнах гэж оролдов. Яах аргагүй цагны цохилт. Хаана юу байдаг билээ! Гэтэл тэр сая л бүхнийг ойгох шиг санагдаж тогонд цохиулсан юм шиг хөшиж орхив. Тиймээ яах аргагүй тэнд цохилоод байна. Тэр баруун гараа цээжнийхээ зүүн дээд хэсэгт дараад халуун юманд хүрсэн хүн шиг гараа огцом эргүүлэн татав. «-Өө новш гэж тэгэхээр би хэн болж таарч байна аа!  Би тэр алиа салбадай биш, хоосон далдагнагч ч биш.  Би…би… би биш шүү дээ» гэж тэр царайчлангуй үглээд хэн ч түүний үгийг сонсохгүй харин нөгөө үзэн ядсан хэмнэл бүх биеэр нь тархан цохилж эхлэхийг мэдрээд нэгэнт харц нь шийдсэн төрхтэй болж хувцасны шүүгээнд байсан гар бууг гаргаж ирээд зүрхэн тушаагаа чиглүүлээд гохыг нь дарж орхив. Шалан дээгүүр түүний халуун цус банзны ширхэг даган урсахыг тэр мэдэрэхүйд ханын цагийг хэмхчихгүй байх арван нэг буюу ганцхан бас ганцхан шалтаг нь чухам энэ байсныг тэр амьсгал хураахдаа л мэдэв.


      San Francisco  
10-19-2008

бичсэн: golomt төрөл: Өгүүллэг | (1) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 1221 удаа

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

Sain uu. Shine bichleg orj gej bayarlasan chini dahin oruulsan baih yum, anduuraa yu
Bayasaa (зочин) хэзээ бичсэн: 08:25, 2012-04-08 | Холбоос | |



:-)