Ертөнцийн хязгаар

2008-12-19,11:51
Сүүдэр хэрсэн хорвоод
Сүнс тань намайг хөтөлж
Сүүн цагаан зам чинь
Үүр цайлгадаг шүү ээжээ


   
   Урд шөнө ижий минь зүүдэнд их л тодхон ирсэн атлаа сэрээд эргээд санах гэхээр тэр гэхийн тоймтой зүйл санаанд ордоггүй, хэсэг орондоо хөрвөөгөөд тагтан дээр гарч тамхиа асаагаад урт гэгчийн сорлоо. Чийгтэй агаарт тамхины цэнхэр утаа багтах газраа олж цөхөх мэт эргэн хургана. Ээж минь бурхан болоод хэдэн жилийн нүүр үзэж байна. Сүүлийн үед зүүдлээд зогсохгүй өдөр ч гэсэн нэг л мэдэхэд ээжийнхээ тухай бодчихсон байна. Аавдаа утас цохиж энэ тухайгаа хэлэхэд “Миний хүү санаа зовох хэрэггүй .Зүүдэнд ороод байвал буян нэхдэг юм гэсэн. Бурхандаа зул өргө. Хангай дэлхийдээ цайныхаа дээжийг өргө. Аав нь энд ном уншуулна аа»гэв.
          Америкийн баруун эргийн Оакланд хотод жилийн энэ л улиралд  хувингаар цутгах мэт бороо асгана. Өнөөдөр яагаад ч юм урд урдынхаасаа илүү орох мэт. Бороон дусалууд даалгавар авсан бөмбөгдөгчүүд шиг хажуу айлын өвгөн царсны бээрсэн навчисыг аргыг нь бартал бөмбөрдөнө.
Тэр л  бороон дуслын хэмнэл нэг мэдэхнээ хүүхэд ахуйн дурдатгалд хөтөлжээ.  

*    *    *

   Шүүхийн шийдвэр биелүүлэгч гэсэн хоёр эрэгтэй нэг авгай хоёр гэрт орж ирээд ээжийн минь биднийг ч хүргэдэггүй толь шаазанд гар хүрч,ээжийн минь хэдэн сар өндөгөө цоолон цоолон шидсэн хоёр аравчийг хуу татаж аваад явахад л би ээжийгээ хэрэгт орсоныг мэдсэн юм Энэ өдрөөс хойш инээд цалгидаг гэр минь цанаа л нэг хоосроод ирсэн. Тэгэхэд би дөнгөж 12 -той. Доороо хоёр дүүтэй, том нь аравтай, хамгийн бага охин дүү минь дөнгөж сургуулийн бэлтгэл ангид орж байлаа. Шүүхийн шийдвэр биелүүлэгч хямсгар авгай манай ангийн Сугарын ээж байсан учир ээжийгээ ачигдаад явсаны дараа миний хамгийн анхны хийсэн хэрэг Сугарыг зодсон явдал байлаа. Зүгээр байхад нь ч арай зодоогүй л дээ. Ангидаа би хамгийн сурлагатай хүүхдүүдийн тоонд багтана. Тэгээд ч ангийн даргын сонгуультай. Нэг өдөр Сугар хүүхдүүд уриалж сахилгагүйтээд байхаар нь -Хөөе Сугар чи багахан үймүүлээрээ гэсэнд нөгөөх чинь -Ээж чинь шоронд орчихоод хэцүү байна уу гээд инээхэд нь ухасхийн үсэрч босоод ширээн дээгүүр харайн Сугарыг барьж авсанаа санаж байлаа. Нэг мэдэхэд би цүнхээ сугавчлаад гэрийн зүг гүйж явлаа. Гарын арьс шалбарч цус гоожиж байгааг ч мэдрэхгүй хэнд ч юм бэ голдоо ортол гомдон эхэр татан гүйсээр гэртээ харьсан байв. Тэгэхэд л би гэдэг тэнэг  ижийдээ гомдоод уйлж байж дээ. 

*    *    *

     Аав минь орой ажлаа тарж орж ирээд шүүх хурал нь болох гээд байдаг. Тэрнээс нь өмнө ядаж арван мянга гэж хэлүүлэлгүйгээр , шүүгчидийн чихэнд гурван оронтой тоо дуулгачих юмсан. Тэгвэл тэнсэнтэй ч гарчих юм билүү гэхэд нь
-Аав тэнсэн гэхээр шоронд явахгүй гэсэн үг үү гэхэд аав минь толгойг минь илээд -Энэ муу хэд хүртэл нялхаараа зовчих лоо доо гээд санаа алдаад чимээгүйхэн шүүрс алдав.
     Маргааш нь аав бид хоёр өнгөрсөн намар алсан хэдэн тарвагны арьс, Ээжийн хэн ч хүргэдэггүй байсан будаатай шаазан, наадмаар ээж аавд авч өгсөн орос хромон хар гутлыг хүртэл боож аваад их хөлийн газар хар захыг зорьлоо. Би намар аавтай тарваганд явж байхдаа хээрээс олсон олон нугардаг хутгаа ч авахаа мартсангүй.
-Ааваа хромон гутлаа зарлаа гэж ээж танд уурлана даа гэхэд аав надруу харж инээмсэглэсэн ээ -Бид дахиад бүх юмтай болох цаг ирнээ гээд толгойг минь илээд надад мэдэгдэхгүй гэсэндээ буруу харан уртаар шүүрс алдах нь надад яагаад ч юм мэдрэгдэж, бяцхан зүрхний цохилт нэгэн хэмнэлээр хурдасч хэн нэгнийг үзэн ядах сэтгэл өөрийн эрхгүй төрж билээ. 

Үргэлжлэл бий
бичсэн: golomt төрөл: Өгүүллэг | (7) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 1350 удаа

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

urgeljilliig ih hvleelee goy boljee
Зочин хэзээ бичсэн: 14:14, 2018-04-03 | Холбоос | |
үргэлжлэлийг хүлээв
гишүүт
Зочин хэзээ бичсэн: 18:27, 2008-12-25 | Холбоос | |
Ямар гоё уран яруу үгтэймдээ ядаж байхад... хүлээв...
xvv хэзээ бичсэн: 18:22, 2008-12-21 | Холбоос | |
нулимас гартал бичжээ.ургэлжлэлийг хулээе.
gangaa хэзээ бичсэн: 17:38, 2008-12-21 | Холбоос | |
зүрх өвдөв. үргэлжлэлийг нь уншиж дахин өвтгөхдөө харамсахгүй.
ketchup (зочин) хэзээ бичсэн: 14:10, 2008-12-21 | Холбоос | |
зүрх өвдөв. үргэлжлэлийг нь уншиж дахин өвтгөхдөө харамсахгүй.
Зочин хэзээ бичсэн: 14:10, 2008-12-21 | Холбоос | |
үргэлжлэлийг хүлээв
хундага хэзээ бичсэн: 13:37, 2008-12-21 | Холбоос | |



:-)